2007-09-17
Хүний араншин буюу муухай Монгол зан
Бичсэнadmin on 2007-09-12 11:27:50
Contributed by
s_b_baterdene

СААБУН
...Гал, усны аюул...Галт уулын дэлбэрэлт, газар хөдлөлт... Элдэв янзын осол... Энэ бүхнээс авран хамгаалсан, урьдчилан сануулсан, ухаалаг, эр зоригтой амьтад, тэдэнд зориулсан хөшөө дурсгал...
...Живж буй онгоцноос өчнөөн, төчнөөн хүний амь аварсан далайн гахай /дельфин/-ны хөшөө...Хаана ч билээ дээ, ямар учиртай ч билээ яг одоо санахгүй байна мэлхийнд зориулж босгосон хөшөө... Шуудан зөөгч тагтааны хөшөө...гээд элдэв янзын амьтдад зориулсан хөшөөнүүд энэ дэлхийн өнцөг булан бүрд байх ажээ. Тэднээс хүний хамгийн дотны нөхөр, хамгийн анхны гэрийн амьтан нохойнд зориулсан хөшөө бас их байх ажээ. Сансарт анх ниссэн Лайка нохойны тухай, түүний дурсгалд зориулан босгосон хөшөөний тухай дуулж, сонсоогүй хүмүүн байхгүй байлгүй дээ.

Гэвч би энэ удаа Саабун нэртэй немц овчаркны тухай өгүүлэх гэсэн юм. Дэлхийн 2-р дайны уршиг, атомын бөмбөгний хор нөлөөгөөр Наран нутагт одоо хир нь манайхны өнөө цагийн ганган хэллэгээр "хөгжлийн бэрхшээлтэй" иргэд маш олон байх...
Тэдний нэг болох гэр бүлийн хараагүй хоёр хүний үнэнч туслах Саабун нохойны тухай саяхан ТВ-ээр гарсан юм. Хорвоо ертөнцөд хүн гээч амьтан хүсэл, сонирхол болон ааш араншин, удам угсаа гээд заавал нэг дугуй, дугуйгаа олж ханилдаг, хэрэв дугуй дугуйгаа олоогүй бол эргэж салдаг тэр л жамаар зовлон нэгт хоёр нэгэн гэр бүл болжээ. Гэхдээ энэ удаа эхнэр нь төрлөхийн харин нөхөр нь хараатай байж байгаад муудсаар, муудсаар таг сохор болсон болохоор хараатай байж байгаад хараагүй болсон хүний мэдэрхүй төрлөхийн хараагүй хүнийхээс тэс өөр арай л мэдрэмж муутай, учир дутагдалтай учир нохойн сургуулиас тусгай бэлтгэгдсэн нохой авчээ.
Япон хүмүүс ямарч ажил хийсэн манайхан шиг еэвэндэх /ЕЭВЭНДЭХ- энэ нь уг нь бол шоронгынхны хэллэг боловч одоо үед гурилдах, халтуурдах гэсэн ардын аман ярианы нэгэн хэлбэр болж дээ. Дээр үед хорихын хоригдлуудаар мод хийлгэдэг байж. Модоо унагааж, цагаалаад хэмжээгээр нь тайрч кублэдэг, түүнийг нь модны ангийн энгийн албан хаагчид ирж хар будагаар тэмдэг тавьдаг байж. Харин хоригдолууд кублэсэн модоо өөр газар дахиж хураагаад тэмдэг тавьсан захыг нь нимгэн хөрөөдөж аваад дахиад кублүүлчихдэг, тэр нимгэн дугуй тайрдас нь еэвэн шиг харагддагаас үүдэлтэй гэсэн шүү/ гэсэн ойлголт байхгүй, яс хийдэг учир нохой, эзэн хоёр хоорондоо дасч явах замаа мэддэг болтол нь сургасан сургагч нь тодорхой хугцаанд хамт байж байгаад одоо боллоо гэсэн үедээ л орхидог юм байж. Нохой нь цээжэвчтэй, цээжэвчнээс нь гарсан богинохон оосортой энэ оосорноос нь эзэн барьж нохой нь замчилдаг юм байж. Өглөө гэрээс гараад үйлдвэр лүүгээ явахад нь сургагч хамт араас нь дагаж яваад замын уулзвар дээр ирэхэд нь "Та дээшээ шатаар!" гэж команд өг гэж зөвлөхөд Саабун команд болгоныг алдаагүй гүйцэтгэдэг болтол нь хамт байж. Ингээд одоо боллоо гэсэн үедээ нохой эзэн хоёрыг хамтад нь үлдээв. Энэ үйл явдал 1978 онд болжээ. Нохой эзэн хоёр нөхөрлөсөөр 1983 он гарав. Саабун бол чухам л үнэхээр нүд нь болсон тэр үед нэгэн эвгүй тохиолдол болов...
Өвлийн анхны цас бударсан нойтон цастай, гулгаатай өглөө ажилдаа явахаар гарчээ. Наран нутгийн давчуухан замын хажуугаар нохойгоо даган алхаж байтал нэгэн тойрог зам дээр өөдөөс нь том ачааны машин ирэх чимээ гарлаа. Нохой ч эзнээ хөтөлсөөр цаашилтал... Ачааны тэрэгний араас хөнгөн тэрэг гарч ирэхэд эзнээ чирэн ухасхийн хана руу татаж машинаас холдуулан унагаад өөрөө хөнгөн тэргийг хаан унаж эзнийхээ амийг аварчээ. Харамсалтай нь Саабун урд өрөөсөн хөлнөөсөө салсан ч хагалгаанд орж 3 хөлтэй эдгэсэн ч ажлаа үнэнчээр хийсээр 1986 оны 4-р сард 16 наслаад /Монголчууд нохойны нэг насыг 2 нас гэж тоолдог/ талийгч болжээ.
1988-06-13-нд Саабун нохойнд зориулсан хөшөөний нээлт хийлээ. Хоёр буурай ирж хөшөөний нээлтэнд оролцон нулимс дуслуулан, дурсамж хүүрнэн хүүхдүүд хөшөөнд цэцэг өргөнө...
Энэ нэвтрүүлгийг үзжээ суутал манайхны жудаггүй, худалч, хулхи зан өөрийн эрхгүй дотор арзайлган зэвүү хүргэж эхэллээ. Адгуус хүртэл өөрт оноогдсон ажилдаа сэтгэл гаргаж, эзнээ өөрийн биеээр халхалж байхад өнөө цагийн Монголчууд бид үнэндээ өчүүхэн болждээ гэж бодохоос би өөрөө Монгол хүн болж төрсөндөө өөрийн эрхгүй гутарлаа. Би Монгол хүн л юм чинь Монголтойгоо адилхан л байж таараа...
Ердөө өнгөрсөн 7 хоногт болсон "Алтжин"-гийн шүүх хурал юуг өгүүлнэв? Тэр шүүгч нар ажлаа үнэн шударгаар хийж чадав уу? Яагаад иргэд, хохирогчид бухимдах болов оо? Гэвч шүүгчид цалингаа урьдчилаад авчихсан болохоор хохирогчдод биш шүүгдэгчийг улаан цээжээрээ хааж Саабун царайлав бололтой...
Эдүгээгээс жил гарангын өмнө би гээч хүн өөртөө хань болгох зорилгоор анх удаа комьпютер авахаар сэтгэл шулуусч нэгэн дүүд хандав. Би РС-ны талаар ямар ч мэдлэггүй болохоор мэддэг хэн нэгэнд хандах нь ойлгомжтой. "Би танд сайн РС заавал олж, авч өгнө" гэсэн амандаа хүрч 4 түмэн япон янчаанаар РС авчирч өгчихөөд маргааш нь нутаг буцчихав. Гэтэл программ суулгах ёстой юм байж. За ингээд мэддэг чаддаг хүний эрэлд гарлаа. Анх ирсэн жилээ танилцсан нэгэн дүү хүүг гайгүй гэж сонсоод хайсаар байгаад утсыг нь олж холбоо барилаа. Зав гарахаараа гэсээр 2 сарыг ардаа орхиж байж ирээд янзлах гэтэл тийм ч программтай, ийм ч юмтай СD байна уу? гээд намайг бас л сандаргалаа. Тал, тал тийш утас цохиж байж нөгөөдүүлийг нь олтол "Одоо интернет хэрэгтэй байна" гээд бас л гадагшлан эрэлд хатлаа. Наран нутагт айл болгон гэртээ неттэй учир гадуур Интернет ховор л доо. Номын сангууд болон манайхаас хамгийн ойрын нет 30-аад км-ын алсад байдаг болохоор бас л мурий /болохгүй/ болов. Эцэст нь мань эр авч яваад гэртээ янзлан эргүүлээд как-юбин /дотоод шуудан/-гээр илгээхээр болов. 3 хоногын дараа РС маань ирлээ. Гэвч нетрүү орж чаддаггүй бас л сар гаранг ардаа хийв. Дүү хүү завгүйгээ дуудаад ирдэггүй. Ах нь өдрийн чинь цалинг өгье гээд ч байдаггүй. Нетэд холбогдохгүй дөрвөлжин хайрцгаар би үлийгээ хийх вэ дээ?
Дахиад л өөр хүний эрэлд хатлаа. Эрсэнийх оллоо, олсных уулзлаа, уулзсаных аргыг нь олохоор хамт уулаа... Өө юухан байх вэ, гялс манас... Сэрлээ нөгөө гялс, манас гуай хэтэвчнээс минь хийгээгүй ажлынхаа цалинг авчихаад алга болоод өгч. Одоо яая гэх вэ, танихгүй танилд итгэсэн тэнэг өөртөө л гомдохоос, хохь чинь!
Зөвхөн өөртөө хань болгож, энэ дэлхийн энд, тэнд байгаа найз нөхөдтэйгөө, ах дүүстэйгээ нетээр харьцаж, илүү дутуу мэдээлэл авах гээд овоо мөнгө зарчихсан байдаг... Интернет тавиулах гээд гэртээ утас шинээр тавиулсан нэгэн түм долоон мянган япон янчаан мөнгө нь цэгээ...Утасны аппарат авсан гурван мянган япон янчаан мөнгө нь таван зуу /гэхдээ хуучин бараанаас хямдхан авсан/... Шинээр нет холбуулсан нэгэн түм таван мянган япон янчаан мөнгө нь цэгээ... Өөрийн мэдэхгүй дөрвөлжин хайрцаг, зурагт араажав, бичгийн машаан /РС-гар/-тай нь бас гөлчгийтэй нь авсан дөрвөн түмэн япон янчаан мөнгө нь цэгээ... Энэ бүх хогийг авчирч өгөөд нутаг буцсан дүүд баярласан сэтгэлийн хөөрлөөр шударгаар төлсөн ажлийн хөлс таван мянган япон янчаан мөнгө нь цэгээ... Сайн яваад хариарай гээд сэтгэлээсээ өгсөн таван мянган япон янчаан мөнгө нь цэгээ...Программ суулгуулж замын зардал, ажлын хөлсөнд төлсөн нийтдээ нэгэн түмэн япон янчаан мөнгө нь цэгээ...Танихгүй танилд хулхидуулсан ... япон янчаан мөнгө нь цэгээ /Гэхдээ танихгүй танил чамайг олоход их л ойртсон шүү, мэдээтэй байгаарай! сануулчихъя хө.Бурууг хийсэн нэгэн бултах газаргүй шүү!/ ...За ингээд галт тэрэг нэгэнт хөдөлчихсөн болохоор зогсох газаргүй... Эзэндээ хандсанаар эзний томадачи /найз гэсэн үг, ерөнхийдөө танил гэсэн утгатай/ пасиком-сэнсэй /Компютерийн мэргэжилтэн/ Япон залуу ирж холбож өглөө. Зоосы нь төлөх гэснээс хэд гэж алдаг болоо?, Хэтэвчинд байгаа хэд маань хүрэх болов уу яах бол гэж шаналан "Икүра хараумаска?" /Хэдийг төлөх вэ?/ гэтэл өөдөөс "Сен ээнэ" /Мянган иен/ гэж санаанд оромгүй хямдхан дуугарч ухаан алдуулах шахдаг юм даа!
Ингэж би РС-интернеттэй амьдралаа холболоо. Санаандгүй Банжигаар аялж яваад онигоо оруулах гэдэг рүү нь тууж ороод нэг онигоо бичээд илгээсэн чинь орчихов. Ингээд онигоочин болов. Зураг үзэж, уран зохиол уншиж яваад дөрвөн мөрт илгээчихсэн чинь мөн л орчихов. Цагаан сар болох гээд хүн бүхэн цаг, завгүй болдог тэрхэн үед бодсон санасанаа "Бэлэг" гэж бичсэнээр энэ бүх бодролын эх тавигдав. Ингэж л би БИЙРБЭХ-ийн уншигчдынхаа эчнээ танил нь болов оо. Гэтэл...гэтэл...
Секс-ТВ ороод үз гээд өдөөд байхаар нь ороод үзсэнийх РС маань тэмбүүтчихэв, өө лайтай... Энд тэндээс элдэв янзын цонх гарч ирээд байснаа сүүлдээ өөрөө, унтарч асдаг болоод бүр сүүлдээ асангуутаа шууд унтардаг болсноор би гээч хүмүүн бас дахиад л хүний нутагт орь ганцаараа хоцров.
Удаан ганцаараа байх утгагүй болохоор бас нэгэн дүүд хандтал "Тийм л юм бол та шинийг, өөрийг авсан нь л дээр дээ, дүү нь аваад очих уу?" гэж байна. Ингээд миний хуучнаас лагаа, лаг гээд бас нэг дөрвөлжин хайрцаг авчирч өгөөд өглөө ажилтайгаа дуудсаар бас л бултчихав. Бүх юмтайгаа РС дөрвөн түмэн япон янчаанаар авч байсан бол энэ удаа зөвхөн ЛАГ процессор дөрвөн түмээр авлаа. Залгалаа ярзайсан аалзан үсэгнүүд нүд эрээлжлүүлэв. Гэвч жил гаруй энэ хайрцагны ард суусных нэг үеээ бодвол бас ч гэж оролдож эхэллээ. Нет орж байна, болж байна хө!
За тэгээд сэтгэгдэл бичэхээр оролдтол нээгдсэн цонх нь ч бас аалзан үсгээр...
Танихгүй хаяг, илүү дутуу үнэгүй сайт руу орж болохгүй шүү гэж Халх Монголоос дүү минь сануулсан болохоор тийм, ийм рүү ороогүй байсан ч элдэв, янзын хаалга цонх эд, тэндээс өөрөө орж ирээд байхаар нь л мөн ханиадтай РС шахуулчихсанаа ойлгож, мэдлээ.
Дахиад л эрэлд хатлаа. Нөгөө анх программ суулгаж өгсөн дүүд хандлаа. Өөрөө завгүй учир хамаатны дүүд өгөн явууллаа. "Баагий ахын хуучин РС-г бодоод байсан чинь энэ чинь өөр РС байна, залгуур таарахгүй" гэсэн шалтаг тоочоод буцаасан байлаа. Сонирхолтой л юм, ар өврийн бүх залгуур нь таараад ороод байгаа мөртлөө нөгөө нөхрийн залгуур л таарахгүй болчихоод байдаг. "Чи тэгвэл хард-ыг нь авч яваад янзлаад өгөөч!" гээд утсаар хэлтэл "Хард бүхэн өөр байдаг" гэсэн шалтаг тоочоод алга болов. Монголд байдаг РС-ны багш дүү хүүхнээсээ асуувал "Хард ч тэр, залгуурууд ч тэр нэг стандарттай" гэдгийг батлан хэллээ.
Хийх хүн аргаа хайж, хийхгүй хүн шалтгаа хайдаг гэж ямар үнэн үг вэ?
Миний РС-г авч явсан дүү хүү ирээд "Уг нь ч бүх залгуурууд адилхан байдаг л юмсан. Энэ залуу л өөр залгуур таарахгүй гээд байх юм. Тэгээд ч таны энэ РС бол DELL гээд хамгийн түрүү үеийн, өөр бусад РС-нүүдтэй таардаггүй юм. Иймэрхүү, энэ хирийн юм бол 4-5 түмээр нөөтбүүк ч авсан болох байсан гэж мултарчихаад мурьчихлаа гэсээр орж ирлээ. Хэн нь үнэн хэлж, хэн нь худлаа мурьж байгааг би мэдэхгүй л дээ.
Гэхдээ хэн нэгэнд өөрийн мэддэг чаддагаа хийсэн шиг хийж өгчихөөд, ажлынхаа хөлсийг авсан шиг авч чаддаг байх хэрэгтэй болов уу. Нүүр бардам амьдрах шиг сайхан юм гэж хаана байх вэ дээ.
Эцэс сүүлд нь эзний томадачид хандсанаар орой ажил тарангуут орж ирээд залгаж үзсэнээ эргэж буцаад гэр лүүгээ 2 дахин явж ирэн бөөс устгаж нэгэнт япон хэл дээр суурилсан программыг миний хүссэнээр англи руу нэг нэгээр татаж янзалсаар шөнийн 1:30-д дуусан ямар ч байсан би хэргэлээд байхаар болгож өглөө. Нөгөө л хэдийг төлөх вэ? гээ асуухад "Ни сен ээнэ" /2000 иен/ гэж бас л ухаан алдуулах шахлаа. Би өөрийнхөөрөө цагийн сен ээнэ гэж тооцоод 8 мянгыг нэхэх болов уу гэж бодтол энэ шүү дээ. Тэгээд дээрээс нь "100% англи болгоож чадаагүй шүү, маш их /Моошивакигозаймасэн!/ уучлаарай гэж уучлалт гуйсныг бодохоор үнэхээр үнэмшихийн аргагүй. Тэгээд гэр лүү гээ хоёр удаа явж янз бүрийн СD авчирсан гээд бодоорой доо. Тэдний гэрээс манайх хүрэхийн тал хиртэй газар таксидахад 1200 ээнэ гардаг гээд та бүхэн бодоод үз дээ! Баярласан хэрээ бахирах нь халаг юм болоод хэлсэн дээр нь мянгыг нэмээд өгөхөд л "Даме, даме!" /Болохгүй, болохгүй/ гээд анх хэлсэн хоёр мянган япон янчаанаа аваад, "Идтэйтакимасс!" /Таны хишгийг хүртье/ гээд явсан гээд бодохоор Наран хүмүүсийн аль зэрэг шудрага болох нь та бүхэнд тодорхой болох болов уу...
Ингээд Монгол түмэн та бүхнээсээ хүсэхэд хэн нэгэнд ямар нэгэн юм хийж өгвөл өөртөө хийж байгаа юм шиг хийсэн шиг гүйцэд хийгээд өгч сураачээ л гэх гэсэн юм.
Заримдаа үнэхээр өөрийгөө Монгол хүн гэж бодохоор дур гутдаг шүү, харин эрхэм уншигч та???

 

С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2007-09-12

http://www.biirbeh.com/modules.php?name=News&file=article&sid=1908

Бичсэн: g84 | цаг: 16:48 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
чи юугаа мэддийн
Бичсэн: g84 (зочин) цаг: 17:32, 2007-09-17 | Холбоос | |


Сэтгэгдэл
муу мэнэжэр бн
Бичсэн: tungaamaa цаг: 17:27, 2007-09-17 | Холбоос | |


Сэтгэгдэл
Батка ахын бичлэг байна. би дахин дахин уншдагийн, их сонирхолтой
Бичсэн: Tsoomii цаг: 17:03, 2007-09-17 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 


Энэ бичлэг нийт 1380 удаа уншигдсан.